Би шар шувууны дүрстэй эд хэрэглэл, гоёл чимэглэлд их дуртай. Надад бөгж, зүүлт гэх мэт шар шувуутай зүйл их олон бий л дээ. Тэгээд ч хэл ам хаадаг гээд Монголчууд их билэгшээдэг болохоор хэрэглэхэд сэтгэлд өег байдаг юм. :)
Тэгсэн энэ хавар зуны загварт шар шувууг их ашигласан харагдаад байна аа. Burberry, D&G гээд л...Тэгээд шар шувууны зурагтай цамцтай болъё гэж бодоод хайгаад үзсэн чинь нэг амархан бөгөөд хөөрхөн хийх аргачлал гарч ирснийг хуваалцаж байна. Ашиглагдах материал нь ч олдохоор юм байна.
Хэрэглэгдэх зүйлс: Цамц, даавууны будаг, бийр, сувс, цавуу эсвэл утас зүү
Эхлээд өөрчлөхийг хүссэн цамцаа сонгоорой. Өмсөөд жаахан уйдсан ч хаяхыг эсвэл хүнд өгөхийг хүсдэггүй хайртай цамц чинь байвал зүгээр. Биед эвтэйхан цамцаа шинэ юм шиг л болгоод авна шүү дээ.
Дараа нь Шар шувууны зургаа сонгоно. Хэрвээ та өөрөө зурж чаддаг бол сонгосон зургаа харж байгаад цамцан дээрээ хүссэн хэмжээгээрээ бүдэг буулгана. Харин зурж чадахгүй бол интернэтээс хэвлэж авсан зургаа нимгэн калькан цаасан дээр буулгаж байгаад цэгэлсэн байдлаар цамцан дээрээ буулгаж аваарай.Доорх маягаар
Одоо шар шувуугаа амь оруулах хэсэг эхэлж байна. Зургийнхаа дагуу хүрээг нь тодруулна. Дараа нь нүд болон хамрыг нь сонгосон өнгөөрөө будаарай.
Энэ хавар зун чимэглэл трэнд болж байгаа учир зүгээр л будаад орхилгүй зарим хэсгийг гялтганасан сувсаар чимэглэж өгөөрэй. Ингэхдээ чимэглэх хэсэгтээ цавуу түрхээд дээрээс нь сувсаа наана. Цавуу ашиглан чимэглэх нь хурдан, хялбар арга юм.
Цавуу ашиглан наахад бага зэрэг хатуу болохоос гадна цавууны чанараас хамаараад угаахад чимэглэл нь унах магадлалтай тул хэрэв залхуурахгүй бол утас зүү ашиглан сувсаа тогтоовол бөх бат болно.
За ингээд хөөрхөн шар шувуутай, дэгчин цамц маань бэлэн болчихлоо доо.
No comments:
Post a Comment